БусадОнцлох мэдээ

Швед, Финланд улсууд НАТО-д гишүүнээр элсэх өргөдлөө албан ёсоор гаргалаа

Швед, Финланд улсууд өнөөдөр НАТО-д гишүүнээр элсэх албан ёсны хүсэлтээ гаргажээ. Энэ нь Украины дайны үр дүнд гарсан томоохон үйл явдлуудын нэг болж байна.

30 гишүүн оронтой НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг хоёр улсын өргөдлийг өнөөдөр Брюссель хот дахь албан тасалгаандаа өөрийн биеэр хүлээж авчээ. “НАТО-д элсэх Финланд, Швед улсуудын өргөдлийг би талархан хүлээж авлаа. Та нар бол манай хамгийн ойрын холбоотнууд юм” гэж хэлсэн Столтенбэрг уг үйл явдлыг “түүхэн” хэмээн тодотгосон байна. Өргөдлийг НАТО дахь Швед улсын элчин сайд Аксел Вернхоф, Финландын элчин сайд Клаус Корхонен нар Столтенбэргт гардуулжээ.

Финландын ерөнхийлөгч Саули Ниинисто, Шведийн ерөнхий сайд Магдалена Андерссон нар маргааш Вашингтонд айлчилж, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзахдаа хоёр улсын гишүүнчлэлийн талаар, бас Европ тивийн аюулгүй байдлын талаар ярилцах юм. НАТО-д шинэ гишүүн элсүүлэх асуудлыг тус эвслийн бүх гишүүн орнууд дуу нэгтэй дэмжих ёстой. Гэхдээ энэ удаа Турк улс Финланд, Шведийг элсүүлэхийг дэмжихгүйгээ мэдэгдээд байгаа. Туркийн эрх баригчдын байр суурийг өөрчлөх яриа хэлэлцээ удахгүй эхлэх төлөвтэй байна. НАТО-д шинэ гишүүн элсүүлэх үйл явц 8-12 сарын хугацаанд үргэлжилдэг.

Гэхдээ Оросын талаас эдгээр улсуудыг айлган сүрдүүлээд байгаа тул гишүүнээр элсүүлэх ажлыг түргэсгэх төлөвлөгөөтэй байна. Тухайлбал Канад улс Финланд, Шведийн гишүүнчлэлийг ойрын өдрүүдэд батлах санал гаргажээ. Финланд, Швед улсууд өмнө нь Курдын зэвсэгт бүлэглэлийг дэмжиж байсан, Сирид цэргийн ажиллагаа явуулсных нь төлөө 2019 онд Турк улсад зэвсэг нийлүүлэхийг хориглож байсан зэрэг нь Анкарагийн эрх баригчдыг гишүүнчлэлд нь хориг тавихад хүргэсэн юм. Гэхдээ Финланд, Швед улсуудаас гадна НАТО-гийн гол гишүүн орнууд Турктэй хэл амаа ололцож чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд байна. Ирэх онд сонгуульд өрсөлдөх Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган энэ боломжийг ашиглан өөртөө улс төрийн ашиг хонжоо гаргах санаатай байж болзошгүй гэсэн таамгийг гадаадын шинжээчид дэвшүүлж байгаа. ОХУ-тай 1,300 км шугамаар хил залгадаг Финланд улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш эвсэлд үл нэгдэх бодлого тууштай баримталж байсан юм. Швед улсын хувьд сүүлийн 200 гаруй жилийн турш ямар нэг дайнд оролцоогүй байна. Гэвч Оросын цэрэг Украинд халдан довтолсон үйл явдал эдгээр орнуудын эрх баригчид, ард иргэдийн санаа бодлыг эрс өөрчилсөн юм. Хамгийн сүүлийн судалгаагаар Финландын ард иргэдийн 75 хувь, Шведийн олон нийтийн 50-60 хувь нь улс орноо НАТО-д гишүүнээр элсэхийг дэмжжээ.

What's your reaction?