Онцлох мэдээУлс төр

Х.Баттулгад “балиус” бариулж болохгүй!

Ардчилсан намын 21 аймгийн хороо тамга,тэмдгээ үрэгдүүлсэн тул хүчингүйд тооцуулжээ.  Гайхалтай нь ганц өдрийн дотор бүгд тамга, тэмдгээ үрэгдүүлсэний ард ганц хүн байгаа нь, Ардчилсан намыг авахын тулд Х.Баттулга их мөнгө, их хүч хаяж буй нь тов тодорхой болсон.  Товчхондоо, Х.Баттулга Монголын төрд эргэн ирэхийн тулд Монголыг зарж, үрэхээсээ ч айж ичихгүйд хүрсний илрэл нь Ардчилсан намд өрнөж буй үйл явдал.   Түүнийг УДШ-ээс Ардчилсан намын даргаар бүртгэхгүй бол 21 аймаг, 330 сумд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэнэ, манай ялсан монголчууд.

 Авчиг өнгөрсөн оны гуравдугаар сарын 31-ний өдөр УДШ-ийн хуралдаанаар Ардчилсан намыг төлөөлж, С.Эрдэнэ нарын ирүүлсэн Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, шинэчилсэн дүрмийг нь бүртгэж авсан байдаг. Тиймээс Х.Баттулгыг Ардчилсан намын даргаар сонгосон сонгууль хууль бус гэдгийг Х.Баттулга өөрөө мэдэхийн дээдээр мэдэж буй. Гэвч, хэзээ байтлаа Х.Баттулга Монгол Улсын хууль дүрэмд захирагддаг байлаа.

АН-ЫНХНЫ АЙДАС

Өнгөрөгч Ням гаригт нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийн бичсэн жиргээ олон нийтийн сүлжээнд багагүй хандалт, шэйр авав. Тэрбээр “ Х.Баттулга, Ерөнхийлөгч байхдаа Монголыг Оросын “дагуул улс” болгох саналыг Путинд тавьж байжээ. Тэгсэн бол хамтын ажиллагаа нэрээр  Орос Монгол руу цэрэг оруулах боломжтой болох байлаа.  Олон улсад Монгол Оросын ашиг сонирхлын бүсийн улс болгох байв” гэсэн нь хэн нэгнээс хэрүүл өдсөндөө биччихээгүй байх. Э.Бат-Үүлээс өөр экс Ерөнхийлөгчийг ингэж ил тод шүүмжлэх цөстэй, зоригтой аавын хүү АН-д цөөхөн. Тэр тусмаа ах нарыгаа байнга шүүмжилж суудаг АН-ын залуу үеийнхэнд.

Түүнчлэн АН-ын гишүүн Х.Тэмүүжин “Монгол Улсыг хүрз барьсан батлан хамгаалах чадваргүй армитай болгох зорилго хэнийх вэ” гэж асуусан нь мэдээж Х.Баттулгыг хэлсэн үг болох нь хэнд ч ойлгогдохоор.  Үнэндээ, өнгөрсөн хугацаанд Ардчилсан намыг хүчийг тарамдуулж, лидерүүдийг толгой дараалан шоронд хийсэн Х.Баттулгын зорилго одоо нэгэнт ойлгомжтой болсон. Хүчгүй, эв нэгдэлгүй, эрх мэдэлгүй, мөнгөгүй намынхныг  халаасандаа хийхэд амархан гэж тооцсон байх.

Гэвч, Ардчилсан нам бол баруун төвийн ардчилсан үзэл баримтлалтай. Х.Баттулга коммунист, дарангуйлагч шинжтэй хүн. Ямар сайндаа л Ерөнхийлөгч байхдаа Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж, цаазын ялыг сэргээж, Шанхайн ломбардад Монгол Улсыг тавихаар санаа, сэдэл гаргаж байх вэ дээ.

Н.Азизовын хэлж ярьж байгаагаас харвал Ардчилсан намыг авахыг Х.Баттулгад үүрэг даалгавар болгон өгсөн байх магадлалтай. Үгүйдээ л,  Ардчилсан намын толгойг хоёр хувааснаа өдгөө аймаг, сум дээр очиж хэрэгжүүлэхийг тушаасан ч байх магадлалтай.  Өнгөрсөн хугацаанд АН дээгүүрээ зодоонтой байснаас биш жирийн гишүүдийн дэмжигчдийнх нь хувьд харьцангүй хэрүүл талцал багатай байсан, бадарчин явсан газарт балагтай гэж үгтэй.

МАН-ЫН БОЛГООМЖЛОЛ

Эрх барьж байгаа МАН-ынхны хувьд Ардчилсан намаас ч дутахгүй Х.Баттулгаас айж болгоомжилж байгаа. Хоёр жилийн турш Л.Оюун-Эрдэнийн, МАН-ын эсрэг  сайтар суртал ухуулга хийж чадах юм бол 2024 оны сонгуулиар МАН-ын хамгийн том өрсөлдөгч нь Х.Баттулга байх биз.  Хар пиараар гаршсан, эрх ашгийнхаа төлөө чөтгөртэй ч нөхцөж чадах хүний хувьд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч С.Баяр, М.Энхсайханы, С.Баярцогт нарын тавиланг туулж мэднэ.

МАН-д ч Х.Баттулгын дэмжигчид ил, далд цөөнгүй бий.

Хэрэвзээ Х.Баттулгын хүсч байгааг МАН өгөх юм бол үхлийн олс хүзүүндээ угласантай ялгаагүй болно. Өнгөрсөн оны өдийд МАН-ыг тараах захирамж гаргаад бужигнуулж явсан хүн шүү дээ.  Өнөөдөр ч МАН-ынхан үнэмлэхүй олонх атлаа Х.Баттулга гэгч хүнийг барьж хориод идсэн, уусан гэх луйврыг нь илчилж чадахгүй яваа нь, Азизов ард нь байгаатай л холбоотой байх.

АН-ын дотоод сунгаа гэгчдээ зэрэгцээд Н.Азизов мэдэгдэл гаргасан нь санамсаргүй тохиолдол мэдээж биш. Л.Оюун-Эрдэнийн эсрэг жагсаалыг Х.Баттулга хийвэл засаг доргиж, МАН-ын тогоо хагарч мэднэ. Эхлээд АН-ыг дараа нь МАН-ыг самрах нь Монголд лав ашиггүй.

МОСКВАГИЙН ТӨСӨЛ

 Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нэгэнтээ түүнийг ийн товчхон дүгнэсэн. Үнэндээ ч,  Монголд болон гадаад зах зээлд болж буй үйл явдлыг харахад ингэж хардах нь ч зүйн хэрэг.

Оросын хэвлэл  “ТАСС”, “ Риа-Новости” тус улс  Хятад руу чиглэсэн нарийн царигтай төмөр замыг барьж, ашиглалтад оруулсан талаар мэдээлжээ.  Уг мэдээлэл дурдсанаар  Амур мөрний дээгүүр ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын гүүр  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд бүрэн  ашиглалтад орсон байна.  Арван тэрбум рублийн хөрөнгө оруулалттай уг төслийн хүрээнд 1524, 1435 мм-ийн хоёр өөр стандарт бүхий төмөр замын релсийг нэгэн зэрэг тавьжээ. Мэдээж, нүүрсээ зарж мөнгө олдог Монголын хувьд маш муу мэдээ.

Өнөөдрөөс 12 жилийн өмнө Монголын парламент Төрөөс баримтлах төмөр замын бодлого баталсан. Атал өнөөдөр Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг хагас дутуу нээснийг эс тооцвол автомашинаар нүүрсээ зөөж байгаа. Ерөнхий сайд нүүрсний экспортоос тонн тутамд 60-70 ам.доллар унагадаг том бүлэглэл байгаа л гэсэн. Хэзээ хариуцлага тооцохыг харж л сууя.

Н.Алтанхуягийн засгийн үед урагшаа нарийн, хойшоо өргөн царигтай төмөр зам барих  бодлогыг УИХ-аар баталсан ч Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа Гашуунсухайт, Зүүнбаян, Ханги-Мандалын төмөр замуудыг өргөн царигаар барихаар шийдвэрлэсэн. Хоёр, гурван жилийн өмнө Оросын Владивостокоор  нүүрсээ гуравдагч зах зээл рүү экспортлоно гэж ярьж суусан З.Энхболд өнөөдөр үг, үйлдлээ мартчихсан уу,  “Дайнаас болоод Хятад-Европийн төмөр зам хойд чиглэлд мөдпөө явахгүй нь.  Харин урд чиглэлийн төмөр зам манай урд хилээс хамгийн ойрдоо 16 км зайтай өнгөрч байна. Европ, Турк, Төв Азийн орнуудтай хийдэг худалдаагаа энэ замаар транзитаар явуулаах асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гээд сууж байгаа даажинтай юм даа. Владивостокоор нүүрсээ зөөвөл үнс болно гээд мэргэжлийнхэн зөвлөсөөр байхад л зөрж ярьж байсан хүн шүү дээ.

Чухамдаа Х.Баттулга  Монголын төрд ойртохын хэрээр Монгол хохирсоор иржээ. Хүүхдэд шүдэнз бариулж болдоггүй гэдэг. Х.Баттулга “балиус” бариулж бүр болохгүй. Х.Баттулгад эрх мэдэл өгнө гэдэг гарт нь балиус бариулж байгаагаас ялгаагүй гэсэн үг.

What's your reaction?