БусадОнцлох мэдээ

​Герхард Шрөдер: Путиныг шийтгэхийн тулд иргэдээ халуун шүршүүргүй болгож болохгүй

Германы Канцлер асан Герхард Шрөдер тус улс ОХУ-ын эсрэг эрчим хүчний “бүрэн хориг” тогтоож болохгүй. Герман улс одоо ч, цаашдаа ч Оросоос эрчим хүч авахаас өөр аргагүй гэж мэдэгджээ.

Тэрээр “New York Times” сонины бямба гаригийн дугаарт нийтлэгдсэн тусгай ярилцлагадаа “Орос, Герман хоёр бие биедээ хэрэгтэй. Оросууд төсвөө бүрдүүлэхийн тулд газрын тос, байгалийн хийгээ зарах ёстой. Харин бидэнд гэр орноо дулаахан байлгаж, эдийн засгаа тогтвортой байлгахын тулд газрын тос, байгалийн хий хэрэгтэй. Засгийн газар Путиныг шийтгэхийн тулд иргэдийнхээ дулаан гэр, халуун шүршүүрийг авч болохгүй.

Германы аж үйлдвэрүүдэд Оросын түүхий эд хэрэгтэй. Үүнд дан ганц газрын тос, байгалийн хийг ойлгож болохгүй. Бидэнд Оросын газрын ховор элемент маш чухал хэрэгцээтэй. Учир нь газрын ховор элемент бол өөр зүйлээр орлуулж болдог түүхий эд биш. Хүссэн хүсээгүй дайны дараа бид Москватай харилцаа, худалдаагаа сэргээхээс өөр сонголтгүй” гэжээ.

Өдгөө 78 настай Герхард Шрөдер 1998-2005 онд Германы Канцлерын албан тушаалыг хаших үедээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойрын харилцаа бий болгож, томоохон эдийн засгийн төслүүдийг эхлүүлсэн түүхтэй. Тухайлбал, Герхард Шрөдерийн Засгийн газрын үед өдгөө хоригт орсон байгалийн хий дамжуулах “Nord Stream”  төслийн хэлэлцээ явагдаж, анхны санхүүжилт шийдэгдэж байв.

Мөн Герхард Шрөдер 2005 онд улс төрөөс зодог тайлсныхаа дараа Орос-Германы хамтарсан “Nord Stream AG” болон Оросын төрийн мэдлийн “Gazprom”, “Rosneft” зэрэг газрын тос, байгалийн хийн компаниудад зөвлөхөөр ажиллаж, удирдах болон ТУЗ-д нь албан тушаал хашиж байсан юм.

Германы өнөөгийн улстөрчид болон олон нийт Оросын эрчим хүчнээс хараат байдлыг Герхард Шрөдертэй холбон тайлбарлаж, шүүмжилсээр ирсэн. Өнөөгийн эрх баригч Германы Социал демократ намын зарим гишүүн түүнийг намаас хөөхийг шаардаж, төрсөн Ханновер хот нь түүнээс хүндэт иргэний түлхүүрээ буцаан авсан билээ.  

Эх сурвалж: New York Times, RT

What's your reaction?