Бусад

Э.Бадамцэцэг: Анхаарал халамж дутуу хүүхдүүд бусдын анхаарлыг татах гэж дээрэлхэх үйлдэл хийдэг

Шоглуулж, дээрэлхүүлэх нь хүүхдэд арилшгүй том шарх болон үлдэж, өсөж том болоод нийгэмших чадвар султай байх, цаашлаад түрэмгий догшин авиртай болж, бусдын эрхэнд ноцтойгоор халдах ч магадлалтай. Энэ талаар “Монголын Эмнести интернэшнл” хүний эрхийн байгууллагын “Хүний эрхийн боловсрол”-ын сургагч багш Э.Бадамцэцэгтэй ярилцлаа. Тэрээр 2017 оноос хойш “Хүний эрхэд ээлтэй сургууль” хөтөлбөрийн хүрээнд шоглон, дээрэлхэхийн эсрэг сургалт явуулж байгаа юм.

Манайд хүүхдүүдийн дунд шоглож, дээрэлхэх, гадуурхал ямар түвшинд байна гэж хардаг вэ?

-Хүүхдүүд дээрэлхүүлснээ тэр бүр хэлдэггүй болохоор бид сайн мэддэггүй, нүдэнд харагддаггүй л болохоос маш их байдаг. Бид анх 2017 оноос “Хүний эрхэд ээлтэй сургууль” хөтөлбөрт хамрагдсан сургуулиуддаа энэ талаар сургалт явуулдаг байсан бол одоо сургалтад хамрагдахыг хүсэж байгаа сургуулиуд улам олон болж байна. Хувийн сургуулиуд ч мөн их ханддаг. Өнгөрсөн онд дуучин залуугийн дүү дээрэлхүүлсэн нь олон нийтийн анхааралд орж, хүмүүс мэддэг болсноос хойш манай сургалтын хэрэгцээ өмнөхөөсөө улам ихэссэн. Эцэг эхчүүд ч өөрсдөө хүүхдийнхээ ангид энэ сургалтыг авъя гэж хандаж байна. Тиймээс бид сургагч багш нараа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.

Шоглох, дээрэлхэхийн хамгийн түгээмэл хэлбэр нь юу байдаг вэ?

-Таван жил сургалт явуулах хугацаанд олон кэйс тохиолдож байсан л даа. Нас, нийгмийн байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалсан гэм хоргүй мэт хөнгөн шоглолтоос эхлээд бие махбодод халдсан тохиолдлууд хүртэл бий. Хамгийн наад жишээ нь гадна төрхөөр нь нэр хоч өгөх юм. Жишээ нь, өндөр хүүхдүүдийг “анааш аа”, “шалны мод оо”, нүдний шилтэй бол “дөрвөн нүдэт” гэх мэтчилэн хэлдэг шүү дээ. Ингэж хочлохыг сүртэй зүйл гэж нийтээрээ хүлээж авдаггүй, байдаг л нэг тоглоом шоглоом гэж өнгөрөөдөг. Гэтэл хүүхдүүдэд хүнд тусдаг. Ялангуяа дөнгөж өөрийгөө бүтээж байгаа өсвөр насныхныг тарган, туранхай, дэлдэн чихтэй, давхраагүй гэх мэт байгаа байдлаар нь гоочлохоор “би нээрээ л царай муутай юм байна”, “хөөрхөн болохгүй бол хэнд ч хэрэггүй юм байна” гэж гүн хүлээж авдаг. Хүүхэд аливаа зүйлийг шууд тусгаж авдаг онцлогтой. Томчууд бол өөр шүү дээ, юманд шүүлтүүртэй ханддаг, аливаа зүйлийг эсэргүүцэх чадвартай болчихсон байдаг. Гэтэл хүүхдүүдийн хувьд энэ нь цаашлаад өөрийгөө байгаагаар нь хүлээж авч чадахаа больж, олонд таалагдах гэж хичээхэд хүргэнэ. Давхраа хийлгэнэ, стиль имижээ өөрчилнө. Өсвөр насныхан дунд давхраа хийлгэх нь түгээмэл болоод байгаа. Энэ нь эрүүл мэндийн болоод олон талын шалтгаантай ч, нэг талдаа бусдадаа гоочлуулснаас үүдэлтэй. Тэрнээс хүн бүр давхраатай байх албагүй шүү дээ.

Цаашлаад бүлгээрээ нийлж гадуурхах, дээд ангийнхан нь доод ангийнхнаа дарамтлах үйлдэл түгээмэл. Бүр хутга мэсээр бие биеэ гэмтээсэн ч тохиолдол бий. Нэгнийгээ эвгүй байдалд оруулж бичлэг хийж, цахим дарамт үзүүлэх, доромжлох, тухайн хүүхдийн нэрээр хуурамч хаяг нээж зохисгүй зүйл нийтлэх цахим дээрэлхэлт бас их байдаг. Түүнээс гадна бусдын байгаа байдал, өмссөн хувцас, ар гэрийн байдал, хэрэглэдэг зүйлс, гар утсаар гэх мэт эд зүйлсээр нь нэгнээ үнэлэн, дээрэлхэх тохиолдол элбэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ материаллаг зүйлсийг хэт чухалчлахгүй байх, нэгнийгээ гоочлохгүй байхыг хэлэх хэрэгтэй.

Сүүлд Солонгост монгол охиныг дээрэлхсэн явдал болсон шүү дээ. Арай л харгис үйлдэл байсан. Манайд тийм түвшний дээрэлхэх, гадуурхах үйлдэл гардаг болов уу?

-Америк, Солонгос кинон дээр гардаг дээрэлхэх, гадуурхахыг бид арай л хэтэрхий байна гэж боддог. Гэтэл манайд ч тийм тохиолдол гардаг юм билээ. Сургалтын үеэр ангийнх нь хүүхэд мэсээр биед нь халдсан, зодуулсан гэх мэт бодит явдлаа ярьсан тохиолдлууд бий. Арван жилд байхад байрны булан, гудамж тойроод хүүхдүүдээс тамхины мөнгө нэхдэг, ундаа авчирч өг гэх мэтчилэн сүрдүүлдэг хүүхдүүд байхыг харж л байсан. Дөнгөж шилжиж орж ирэх үед бүр хэцүү, амьдралаа шинээр эхэлж байгаатай ялгаагүй байдаг. Олон фракцуудын алинд нь орох вэ гээд л. Кинон дээр гардаг шиг атаман охид гэж байна. Тэд буланд шахна, 00 оруулна, үснээс чангаана, санаатай болон санамсаргүй шүргээд уурлана, хараана. Ийм үйлдэл их элбэг.

Дээрэлхүүлсэн хүүхдүүдэд яаж туслах хэрэгтэй байдаг вэ? Сургуулиуд саяхнаас л сэтгэлзүйчтэй болж эхэлж байгаа юм билээ?

-Хүмүүс сэтгэлзүйчтэй уулзахыг сэтгэцийн хувьд эмгэгтэй, эсвэл гүн хямралд орсон үед л зорьж очдог хүн гэж боддог. Гэтэл энэ нь өөрт тохиолдсон хэцүү зүйлээ ярих, сэтгэл санааны хувьд тогтворгүй, шийдвэр гаргахад хэцүү үед зэргээр олон талын ач холбогдолтой, хүнтэй ярилцах орон зай шүү дээ. Томчууд ч найз нөхөдтэйгөө ярилцахаар тайвширлаа гэдэг. Хүүхдийг эцэг эх нь сайн сонсож, ярилцах хэрэгтэй л дээ. Гэхдээ хүүхдүүд эцэг эхтэйгээ ярилцаж чаддаггүй байх нь их. Тиймээс өөрт тулгарсан асуудлаа найз нөхөдтэйгөө ярилцана, гэтэл найз нь адилхан л хүүхэд учраас буруу зөвлөгөө өгөх нь бий. Ер нь эцэг эхчүүд өөрсдөө л ярилцаж сурах, хүүхдээ жинхэнээсээ чих тавин сонсох хэрэгтэй. Эцэг эхчүүдийн нийтлэг алдаа нь хүүхдийнхээ сурлага хэр байна, хичээлээ хийж байна уу гэх мэт хичээлтэй холбоотой зүйл асуудаг. Тэрнээс найзууд нь, ангийнхан нь, нийгмийн амьдралд нь, сэтгэлд нь юу болж байгааг чин сэтгэлээсээ сонирхож асуудаггүй болохоор хүүхэд ч эцэг эхтэйгээ тэр бүр ярьдаггүй. Улмаар эцэг эх нь яаж ярихаа ч мэдэхээ болиод хүүхэд, эцэг эхчүүдийн хана үүсэж эхэлдэг л дээ. Ийм тохиолдол хүүхдийн илүү дотно байдаг, асуудлаа ярилцдаг үеэл ах эгчээр нь ч юм уу дамжуулаад ч болтугай яриулах хэрэгтэй. Найз нөхөд цөөтэй, үг дуу цөөтэй, дотогшоо хүүхдүүдийг ямар нэг байдлаар яриулах, сэтгэлзүйч дээр дагуулж очихыг зөвлөдөг.

Ингэж ярилцаж, асуудлыг нь тухайн үед нь шийдэхгүй бол өсөж том болоод нийгмийн амьдралд нь ч нөлөөлдөг. Энэ бүхэн цаашлаад хүүхдийн ирээдүйн ажил, амьдралд нь нөлөөлөх юм.

-Тийм. Тухайлбал, цэрэгт хал цэрэг нь шинэ цэргээ дээрэлхлээ л гэдэг. Энэ мэт нийгмийн харилцаанд буруу оролцож эхэлж байх жишээний. Дээрэлхүүлж байсан хүүхэд дээрэлхэгч болох магадлалтай. Тиймээс тухайн үед нь сонсож, яриулж, зөвлөж, асуудлыг шийдэх ёстой. Манай сургалтын зорилго ч ийм л байгаа.

Хүүхэд өөрөө дээрэлхүүлэхгүйн тулд яах хэрэгтэй вэ?

-Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй байж, олон хүнтэй хүрээлэлд байх тусам дээрэлхэж чадахгүй. Найз нөхөдгүй, өөртөө итгэлгүй хүүхдүүдийг их дээрэлхдэг. Харин хэрвээ дээрэлхүүлсэн бол бусдыг дээрэлхэж, өөрөө дээрэлхэгч болж болохгүй гэж бид байнга зөвлөдөг.

Дээрэлхээд байгаа хүүхдүүд ямар шалтгаанаар ийм үйлдэл хийдэг бол? Адилхан л хүүхэд шүү дээ?

-Гэр бүлийн хүмүүжлээс их шалтгаалдаг юм шиг санагддаг. Эцэг эхчүүд хүүхдэдээ бусдыг дээрэлхэж, муухай харьцаж болохгүй, эелдэг найрсаг бай гэж аман дээрээ хэлчихээд өөрсдөө хүн муулдаг, доромжилж ярьдаг, нэр хоч өгдөг бол нэмэргүй, хүүхэд түүнийг нь дуурайдаг.

Бас нэг шалтгаан нь хүүхдүүд өөрийнхөө дутагдал гэж бодсон зүйлдээ хэт мэдрэг хандсанаараа хүмүүс олоод харчих вий, дээрэлхэх вий гэдэг үүднээс хамгаалалт болгож өөрөө дээрэлхэж эхэлдэг. Дараагийн шалтгаан нь эцэг эхийн анхаарал халамж сул, найз нөхөд нь тоодоггүй зэрэг анхаарал халамж дутуу хүүхдүүд бусдынхаа анхаарлыг татах гэж ийм үйлдэл хийдэг. Эсвэл өөрийгөө бусдаас илүү гэж ойлгон, бардсандаа нэгнийгээ дээрэлхдэг тохиолдол ч мөн элбэг.

What's your reaction?