Бусад

​ОХУ-аас гарч байгаа компаниудыг Казахстанд урилаа

Казахстаны Гадаад хэргийн дэд сайд Мухтар Тилеуберди барууны хориг арга хэмжээний улмаас ОХУ-ыг орхиж буй компаниудыг эх орондоо урьж, үйлдвэрүүдээ Казахстан руу нүүлгэхийг уриаллаа.

Тэрээр даваа гаригт Германы “Die Welt” сонинд ярилцлага өгөх үеэрээ “Казахстан улс шинэ төмөр хөшигний буруу талд зогсохыг хүсэхгүй байна” гэж мэдэгдсэн юм.

Өөрөөр хэлбэл, Казахстаны эрх баригчид сүүлийн жилүүдэд Европын холбоо, АНУ тэргүүтэй барууны орнууд болон ОХУ, БНХАУ-ын хооронд үүсээд байгаа “Шинэ хүйтэн дайн”-ы уур амьсгалд өөрийн эрх ашгийг хангах гадаад бодлого баримтлахаа нээлттэй илэрхийлсэн байна.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Казахстан улс нь эдийн засгийн хувьд ОХУ-аас өндөр хамааралтай. Улс төрийн хувьд ч Нурсултан Назарбаевын дэглэм өнгөрсөн 30 жилийн турш Кремлийг дагаж ирсэн.

Тэгвэл ажиглагчид 2019 онд Ерөнхийлөгч болсон Касым-Жомарт Токаев зоригтой өөрчлөлт хийж Казахстаныг ОХУ-аас хараат байдлаас гаргахыг зорьж байгаа гэж дүгнэх болсон. Хэдий тэрээр ОХУ цэргийн хүчээр Украиныг түрэмгийлсэн явдалд шууд байр суурь илэрхийлэхээс татгалзсаар байгаа ч дэлхийн бүх улс НҮБ-ын дүрэм журам, олон улсын хууль тогтоомжийг дээдлэх ёстой гэж мэдэгдсэн юм.

Казахстан улс НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган ОХУ цэргийн хүчээр Украинд түрэмгийлсэн явдлыг буруутгах тогтоол гаргах санал асуулгад Монгол Улсын хамтаар хоёр удаа түдгэлзсэн санал өгсөн билээ.

What's your reaction?